Friday, May 8, 2009

ПОЛЬШ, УНГАР, ТУРК, ЛАОС, ВЬЕТНАМ, КУБА УЛСАД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА 






Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 433 дугаар тушаалаар батлагдсан “Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг баримтлан 2009-2010 оны хичээлийн жилд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр ба соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу суралцах оюутнуудыг сонгон шалгаруулна.

-Бүгд Найрамдах Польш улсад 10 оюутныг барилга, архитектур (2); урлагийн бүтээл сэргээн засварлалт, хамгаалалт (2); автоматжуулалт; мэдээллийн технологи; эрчим хүч; геологи, уул уурхай; хөдөө аж ахуй; эдийн засгийн чиглэлээр,
-Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад 15 оюутныг техник технологи (5), байгалийн ухаан (2), мэдээллийн технологи (2), хөдөө аж ахуй (2), хүнсний технологи (1), эм зүй (1), эдийн засаг (1), олон улсын худалдаа (1)-ны чиглэлээр,
-Бүгд Найрамдах Куба улсад 4 оюутныг эрүүл мэндийн технологи, сувилахуйн ухаан, хөдөө аж ахуйн инженер, информатикийн инженерийн чиглэлээр,
-Унгар улсад 2 оюутан (А категори)-ыг барилга, мэдээллийн технологийн чиглэлээр, мөн 3 оюутан (Б категори)-ыг хөнгөн үйлдвэрийн технологи, хүнсний үйлдвэрийн технологи, биотехнологийн чиглэлээр,
-Бүгд Найрамдах Турк улсад 37 оюутан (Засгийн газрын тэтгэлэгээр)-ыг инженер (10), технологи (10), байгалийн ухаан (6), анагаах ухаан (6), эдийн засаг (2), эрх зүй (2), турк судлал (1)-ийн чиглэлээр, мөн 15 оюутан (соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу)-ыг цэцэрлэгийн багш (3), бага ангийн багш (3), санхүү (3), Олон улсын харилцаа (3), байгаль орчны инженер (3),
-Бүгд найрамдах Ардчилсан Лаос улсад 2 оюутан хөдөө аж ахуй, анагаах ухааны чиглэлээр тус тус сонгон шалгаруулж, бакалаврын түвшний сургалтад хамруулна.

Сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид, улирал тутамд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Вьетнам, Лаос, Унгар (А категори), Турк улсад суралцах хүмүүст хүлээн авах талын Засгийн газраас амьжиргааны тэтгэлэг олгоно. Польш улсад суралцах оюутнууд сургалтын төрийн сангаас сар бүрийн 400 злотын зээл авах боломжтой. БНПУ-ын Засгийн Газрын тэтгэлэгийн сонгон шалгаруулалтад Польш улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан иргэнийг оруулахгүй. Унгар улсад Б категориор суралцах хүмүүст амьжиргааны тэтгэлэг олгохгүй. БНТУ-д соёлын солилцооны хөтөлбөрөөр суралцах оюутнууд нь хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа сурлагын амжилтаар нь жагсааж, цааш суралцах ангид нь хуваарилах тул мэргэжил солигдож болохыг анхаарна уу.

Боловсрол, соёл шинжлэх ухааны яам нь гадаадын аль нэг оронд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцсэн тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн оюутныг дахин өөр оронд суралцуулах шалгалтад оруулахгүй.

Бүртгэл

Шалгалтад орох хүсэлтэй оюутнууд нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, доорхи хүснэгтийн дагуу бүртгэн, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2009 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.


Овог
Нэр
Нас
Хүйс
Утас
Регистрийн дугаар
Курс
Голч дүн
Суралцаж буй чиглэл
Суралцах чиглэл
Суралцах улс

Шалгалт

Оюутнуудаас англи хэл, мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Хоёр шалгалтад 60-аас дээш хувийн амжилт үзүүлбэл зохино. Энэ босго оноо нь шалгалтад оролцогчдын тооноос хамааран хэлбэлзэж болно. Хоёр шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай.

Англи хэлний шалгалтыг 2009 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын хариуг 5 дугаар сарын 8-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдэнд байрлуулна.

Доорх хүснэгтэд дурдсан мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.


Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл
Мэргэжлийн шалгалт
1 Барилга, архитектур, автоматжуулалт, эрчим хүч, металлурги, геологи, уул уурхай, байгалийн ухаан, хөдөө аж ахуй, эдийн засаг, санхүү, олон улсын худалдаа, мэдээллийн технологи, инженер, техник технологи, технологи, эрх зүй, багш Математик
2 Байгалийн ухаан, хөдөө аж ахуй, технологи, биотехнологи, анагаах болон сувилахуйн ухаан, уламжлалт анагаах ухаан, эм зүй, хүнсний технологи, Хими
3 Турк судлал
Нийгмийн тухай мэдлэг
4 Урлагийн бүтээл сэргээн засварлалт, хамгаалалт Мэргэжлийн тусгай шалгалт
Мэргэжлийн шалгалтыг 5 дугаар сарын 11-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулж, шалгалтын хариуг 5 дугаар сарын 12-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбарт байрлуулна.

Шалгуулагчдыг 2 шалгалтын нийлбэр оноогоор жагсааж, зарлагдсан мэргэжлийн чиглэл тус бүрээр сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 5 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Оролцогчдын оноо тэнцвэл сурлагын голч дүнг харгалзах ба уг оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхний дундаж дүнг харгалзана.

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг тухайн улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Шалгалтад тэнцсэн оюутан нь гадаад орноос хүлээн авах тухай албан ёсны хариу ирэх хүртэл сургуульдаа үргэлжлүүлэн сурна. Суралцах хариу авсан оюутнуудыг нэг жилийн хэлний бэлтгэл сургалтанд хамруулна. Хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулна. Замын зардлыг суралцагч өөрөө бүрэн хариуцана.

Тус шалгаруулалтанд тэнцсэн хүмүүст хүлээн авах талд илгээх баримт бичгийн бүрдүүлэлтийн талаар 5 дугаар сарын 14-ний өдөр БСШУЯ-ны 401 тоот өрөөнд зөвлөгөө өгөх тул биечлэн ирэх шаардлагатай. Тодруулбал, Польш (14.00 цагт); Лаос ба Вьетнам (15.00 цагт); Унгар (16.00 цагт); Турк (17.00 цагт). Эцэг, эхчүүд ирэх шаардлагагүй.



БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

No comments:

Post a Comment