Monday, May 11, 2009

Владимир Владимирович Путиний манай улсад хийх айлчал зургаан цаг үргэлжилнэ

Владимир Владимирович Путиний манай улсад хийх айлчал зургаан цаг үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Санжаагийн Баярын урилгаар Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга ноён Владимир Владимирович Путин энэ лхагва гаригт манай улсад ажлын айлчлал хийх гэж байгаа билээ.

Тус айлчлалтай холбогдуулан ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтэс, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Төрийн ордны хамгаалалтын албанаас өнөөдөр 11.00 цагт хэвлэл мэдээллийн төлөөлөгч нарт айлчлалын хөтөлбөрийг танилцуулах юм байна.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин нар хэлэлцээ хийж, хоёр орны эдийн засаг нийгмийн салбарын хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурж сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.

Мөн ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга С.Дэмбэрэл нарт бараалхаж Г.К.Жуковын хөшөөнд цэцгийн баглаа өргөх тухай Засгийн газрын ХМА-наас мэдээлсэн.

Энэ тухай түүний манай улсад хийх айлчлалын дэлгэрэнгүй хөтөлбөрийг өнөөдөр хэвлэлийнхэнд танилцуулах нь.

Дашрамд сонирхуулахад, В.Путин манай улсад зургаа орчим цаг ажиллах юм байна. Түүний энэхүү айлчлалыг хоёр орны найрсаг харилцаанд ач холбогдолтойгоос гадна удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлах хүн ч цөөнгүй байгаа юм.



Владимир Владимирович Путины намтар

-В.В.Путин 1952 оны 10 дугаар сарын 7-нд Ленинград хотноо төрсөн.

-1975 онд Ленинградын Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетийг төгссөн. Их сургууль төгсөөд Улсыг аюулаас хамгаалах байгууллагад томилогдож ажилласан. 1985-1990 онд БНАГУ-д ажилласан.

-1990 оноос Ленинградын Улсын Их Сургуулийн ректорын гадаад харилцаа хариуцсан туслах, Ленинград хотын Зөвлөлийн даргын зөвлөхөөр ажилласан.

-1991 оны 6 дугаар сараас Санкт-Петербург хотын Захиргааны Гадаад харилцаа эрхэлсэн хорооны дарга, 1994 оноос Санкт-Петербург хотын Засгийн газрын нэгдүгээр орлогч даргаар ажилласан.

-1996 оны 8 дугаар сараас Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын орлогч даргаар ажилласан.

-1997 оны гуравдугаар сараас Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ерөнхий хяналтын газрын даргаар ажилласан.

-1998 оны 5 дугаар сараас Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга.

-1998 оны 6 дугаар сараас ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны захирлаар ажилласны сацуу -1999 оны 3 дугаар сараас Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

-1999 оны 8 дугаар сараас Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга.

-1999 оны 12 дугаар сарын 31-нээс Оросын холбооны Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч.

-2000 оны 3 дугаар сарын 26-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож 2000 оны 5 дугаар сарын 7-нд албан тушаалдаа оржээ.

-2004 оны 3 дугаар сарын 14-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон.

-2008 оны 5 дугаар сарын 7-нд ОХУ-ын Засгийн газрын даргаар томилогдсон.

-Эдийн засгийн ухааны Доктор.

-Герман, англи хэлтэй.

-Гэр бүлтэй. Эхнэр Людмила Александровна Путина. Хоёр охинтой. Охин Мария 1985 онд, охин Катерина 1986 онд тус тус төрсөн.